Ж.Энхбаяр: Шатахууны нийлүүлэлт ойрын хугацаанд тогтвортой байна
3 сарын 24, 2026

“Дэлхийд өнөөдөр хямралын мөчлөгт нөхцөл байдал үүсээд байна. Энэ үед улс орнууд дотоод нөхцөл байдалдаа анхаардаг. Ойрхи Дорнодын бүс нутагт улс орнууд эрчим хүчний дэд бүтцүүдэд харилцан цохилт өгч эхэллээ. Дэлхийн газрын тосны зах зээлд нийлүүлэлтийн том шок үүсэж эхэлж байна. Боловсруулах үйлдвэрүүд гэмтэл авсан. Дахин сэргэхэд 4-5 жил шаардлага үүсэж байна. Энэ бол бидний онцгой анхаарах асуудал. Өнөөдөр энхтайван тогтлоо гэж үзэхэд дөрвөн сарын хугацаа шаардлагатай. Дунд хугацаандаа шатахууны хомсдолтой холбоотой эдийн засагт үзүүлэх нөлөөлөл өндөр байх нь тодорхой болж байна. Цаашид мөргөлдөөн гүнзгийрсэн тохиолдолд 2026 оныг дуустал үргэлжилнэ. Энэ бол Монгол Улсын төсөв санхүүгийн тогтвортой байдалд нөлөөлөх бодит эрсдэл гэж үзэж байна. Иймд уг нөлөөллийг бууруулах бодлогын арга хэмжээний саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болж байна. Олон улсын эдийн засагт Ормузын хоолойн нийлүүлэлт саатсанг улмаас газрын тос, байгалийн хийн үнэ хоёр дахин өсөөд байна. Энэ нь дэлхийн эдийн засагт томоохон доргилт үүсгэж эхэллээ. Монгол Улсын эдийн засаг, худалдаа өмнөд хөрштэй нягт хамааралтай. Бид БНХАУ-ын эдийн засагт үзүүлэх нөлөөг анхааралтай ажиглаж байдаг. Шатахуун талаасаа суурь үнэ, инфляц өсөх төлөв үүслээ.

Ойрхи Дорнодын бүс нутгийн нөлөө БНХАУ-ын эдийн засагт өндөр байгаа учраас тус улсаар дамжин Монголд нөлөөлөх өндөр магадлалтай. Шатахууны үнийн хувьд Монгол Улс ОХУ-тай шууд хамааралтай.

Хоёр улсын худалдаанд шатахууны үнэ тогтвортой байна. Монгол Улсад нийлүүлэлт талаасаа хүндрэл гарахгүй. Шатахууны хангалт тогтвортой байна. ОХУ-тай АИ-92 төрлийн шатахууны үнийг тогтворжуулалтын гэрээтэй. Дизель түлшний Сингапурын биржийн жишиг үнээр явдаг. Өнөөдрийн байдлаар  Сингапурын биржийн жишиг үнэ өсөлттэй байна. Гэхдээ бид Сингапурын биржийн үнэ гурван сар дараалан өсөлттэй гарсан тохиолдолд үнэ шинэчлэх гэрээтэй. Үндсэндээ хоёр тал ирэх долдугаар сарын 1-н гэхэд үнийн асуудлаар хэлцэл хийх магадлалтай. Үнийн өсөлт үргэлжилсэн тохиолдолд хэлцэлд орно. Ойрхи Дорнодын хурцадмал байдал намжиж, үнэ буурсан тохиолдолд тогтвортой байдлаа хангаад явах бололцоотой.

Бидний гол асуудал дизель түлшний үнэ. Газрын тосны үнэ 20 хувиар өссөн тохиолдолд манай эдийн засаг нэг хувийн инфляц үүсэх тооцоо гарсан. Дотоодын шатахууны биет нөөц хангалттай байгаа. Нөгөө талаар хүнсний үнийн өсөлтийг анхааралтай ажиглаж байна. Дэлхийн хүнсний индексүүд тогтвортой байна. Хятад, Орост шатахууны үнэ өссөн тохиолдолд импортоор дамжин Монголд нөлөөлөх магадлалтай. Хүнсний дотоод нөөц тогтвортой байгаа. Цаашдаа санхүү төсвийн болзошгүй эрсдэлээс сэргийлж, яаралтай авах арга хэмжээнүүдийг Засгийн газраас хэлэлцүүлнэ” гэлээ.