Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Сингапур Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Айлчлалын үеэр нийслэлийн удирдлагууд “Си Пи Жи Интернэшнл” ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, хот төлөвлөлтийн чиглэлээр цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо. Энэ үеэр Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын дарга С.Очир-Эрдэнэ Сингапурын “Си Пи Жи Интернэшл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Винсент Лох Венг Сенгтэй Хот төлөвлөлтийн чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан юм. Санамж бичгийн хүрээнд Сонсголонт хот буюу 10 мянга га шинэ хотын төлөвлөлтөд талууд хамтран ажиллаж, хамтын ажиллагааны салбар, чиглэл бүрээр холбогдох гэрээ байгуулах замаар төсөл хэрэгжүүлэх юм. Санамж бичиг байгуулах үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотын төлөвлөлтөд тулгарч буй саад бэрхшээлийн талаар дурдаж, хамтын ажиллагаа эхлүүлж байгаад талархалтай байгаагаа илэрхийлэв.